Мэндчилгээ
Мэндчилгээ

Эрхэм хүндэт гишүүд, алхагч, сонирхогч, дэмжигчид ээ! “Алхалт үнэ цэнийг бүтээдэг” гэдэгт бид итгэдэг. Энэ бол бидний философи. 

“Явган алхалт” нь зөвхөн хүний биеийн хөдөлгөөн төдий бус бидний оюун бодол, сэтгэл зүй, эрүүл мэнд, амьдралын хэв маягт үргэлж эерэг өөрчлөлтийг бий болгож байдаг. Явган алхалтаар бид шинэ соргог зүйлийг танин мэдэж, хүмүүстэй нөхөрлөж, биеэ эрүүлжүүлж, эрч хүч, ажлын бүтээмжээ нэмж, сэтгэл тайван амарч, сэтгэл зовнилгүй болж, санхүүгээ хэмнэж, тэсч үлдэх чадвараа өсгөж, идэвхтэй амьдралыг бий болгож чаддаг. 

Тийм болохоор дэлхийн сая сая хүмүүс алхалтын ач холбогдлыг ойлгож, илүү олноороо алхахыг эрмэлздэг болжээ. Явган алхахын тулд биднээс тусгай ур чадвар, ажил мэргэжил, мэдлэг чадвар, нас хүйс мөн мөнгө санхүү шаардахгүй. Бид өөрийн сонирхол, туршлага, онцлогтоо тулгуурлан явган алхах байршил, зай, цаг агаар, хугацаа, бартаа саад, алхалтын төрлөө сонгоод алхахад л болох юм. 

“Монголын явган алхалтын холбоо” нь хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас улбаатай өвчлөл, нас баралтын шалтгаан, нөхцөлийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн чиглэлд өөрсдийн хувь нэмрээ оруулаад зогсохгүй, явган алхалтын hiking, trekking, Nordic, treadmill, brisk, interval walking гэх мэт олон төрөл зүйлүүдийг хөгжүүлэх, гишүүдийнхээ нөхөрлөл, хамтын ажиллагааг тэлж, таван тивийн алхагч нартай ахан дүүс болж, дэлхийн өнцөг булан бүрт алхалт хийх, дэлхий ертөнцийн эд ширхэг бүрийг танин мэдэх, байгаль дэлхийгээ хайрлах өргөн боломжийг нээсээр байна. 

“Монголын Явган алхалтын холбоо”-ны түүхийн нэгэн хэсэг болсон хүндэт зөвлөхүүд, дэмжигчид, эрхэм гишүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, холбооны танилцуулга, алхагчдын гарын авлага болох энэхүү номыг таны гар дээр хүргэж байна. Монгол алхагчид бид хамтдаа хүний хөл хүрч болох газар бүхэнд хүрч алхана!

"Монголын Явган Алхалтын Холбоо"-ны Тэргүүн, Удирдах зөвлөлийн дарга 
Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ