Монголын явган алхалтын холбоо нь өөрсдийн зорилго болон алсын хараанд нийцүүлэн нийгмийн болон хувь хүний хөгжлийг дэмжиж, бусдын сайн сайхны төлөө сайн дурын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Тухайлбал, мод тарих, байгаль орчныг цэвэрлэх, ахмад алхагчид туслах, байгаль хамгаалал, гамшиг ослын талаарх мэдээлэл түгээх, олон улсын болон дотоодын алхалтын арга хэмжээ зохион байгуулахад туслах, алхагч нарт зөвлөгөө мэдээлэл өгөх, явган алхалтын замын бүтээн байгуулалт, тохижилт, засварын ажилд оролцох гэх мэт олон талын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж болдог.
Сайн дурын хөтөлбөрт оролцсон алхагч нартаа Монголын явган алхалтын холбооны зүгээс албан ёсны сертификатыг олгож, "Сайн дурын хөтөлбөр хэрэгжүүлэгч"-ийн мэдээллийн санд бүртгэлжүүлэн, зохих урамшуулал, дэмжлэг хүртэх давуу боломжуудыг нээж өгдөг юм.
Сайн дурын ажил гэж юу вэ?
Volunteer буюу сайн дурын ажил гэдэг үг нь хамгийн анх цэргийн холбогдолтой үг хэллэг байсан бөгөөд 16-р сүүлчээс бидний мэдэх утгаа олж байжээ. Ерөнхийдөө маш олон төрлийн сайн дурын ажил бий. Сайн дурын ажлыг сайн дурын ажил болгодог хамгийн чухал онцлог нь хариу нэхэлгүй, сайн санааны үүднээс аливаа зүйлийг хийх юм.
Яагаад сайн дурын ажил хийх хэрэгтэй вэ?
Юунд дуртайгаа олж мэдэх. Сайн дурын ажил гэдэг шинэ ертөнцийг таньж мэдэх, өөрийн "comfort zone" буюу дассан хүрээллээсээ гарах, шинэ зүйл хийж өөрийгөө сорихыг хүссэн хүн бүр ядаж нэг удаа хийж үзэх хэрэгтэй зүйл юм шүү. Хариу нэхэлгүй бусдын төлөө үйлчлэх нь, өөрийнхөө хүч хөдөлмөр, цаг хугацаа хамгийн гол нь сэтгэлээ зориулах нь таны дотоод хүнийг илүү хүчирхэг, чадалтай нэгэн болоход тусалдаг үр нөлөөтэй дасгал юм. Юмыг өргөн цар хүрээтэй хардаг, бодож сэтгэдэг, уужуу ухаан, холч харааг танд өгсөн байх болно.
"Бусдын төлөө аливаа нэг зүйлийг хийнэ гэдэг нь Эх Дэлхий дээр амьдарч байгаагийнхаа төлбөрийг төлж буй явдал юм"
Мухаммад Али
Сайн дурын ажил хийснээр юу сурч болох вэ?
Сурч болох хамгийн энгийн зүйлсэд багаар ажиллах, цаг барих, бусдыг хүндлэх чадвар гэх зэргүүд багтана. Мөн та ямар нэгэн сайн дурын ажил хийхээр боллоо гэхэд хүрээлэн буй орчноосоо их зүйл сурах боломжтой байдаг. Тэгвэл яг ямар хүмүүс сайн дурын ажил хийдэг вэ? Миний дүгнэлтээр бол мөнгөний төлөө бус хааяа ч гэсэн бусдын сайн сайхны төлөө ажиллаж чаддаг, аль хэдийн өөрийгөө таньж мэдсэн эсвэл өөрийгөө таньж мэдэхээр хичээн ажиллаж буй идэвхтэй хүмүүс байдаг. Эдгээрийн аль нь ч байсан нийгмийнхээ төлөө өөрийн мэдлэг чадвараа зориулж буй хүнээс сурах зүйл их байх нь гарцаагүй юм. Хэрвээ та ажил горилж байгаа, сургуульд элсэх гэж байгаа, ямар нэгэн сонгон шалгаруулалтанд орох гэж байгаа бол таныг ямар нэгэн сайн дурын ажилд оролцдог эсэхийг ихээхэн сонирхдог болсон байгаа.
Хамгийн эцэст нь хэлэхэд сайн дурын ажлыг зөвхөн өргөдөл дээрээ бичих гэж бус бусдын хөгжлийн төлөө өөрийгөө зориулангаа өөрөө хөгжих, шинэ ертөнцийг танин мэдэх, найз нөхөдтэй болохын төлөө хийж байгаарай. Амжилт хүсье.