Монголын явган алхалтын холбооны гишүүд Монгол улсынхаа нэгэн өвөрмөц сайхан байгальтай, мөн ховор ан амьтдын идээшин дассан сайхан газар орноор алхацгаалаа. Энэ бол Хустайн нуруу юм. Бугын сүрэг харж, тахь үзэж, музей, амтат хоол гээд олон сайхан дурсамжийг бүтээлээ.
дэлгэрэнгүйг www.facebook.com/groups/MongolWalkers групп-ээс үзээрэй.
Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын зааг нутагт Улаанбаатараас баруун тийш 80 километрт оршдог. Баруун өмнөөс зүүн хойшоо чиглэлтэй сунаж тогтсон. Дунджаар 1500-1700 метр өндөр. Хамгийн өндөр цэг нь Хөшөөт уул бөгөөд 1842 метр. Хамгийн нам цэг нь 1190 метр өндөр Тариатын булаг. Хэнтийн нурууны баруун өмнөд салбар уул юм. Баян, Эхэн-Ус, Алтганат, Мойлт, Уртын ам, Шувуун ам зэрэг газруудаар 10 гаруй цэнгэг уст горхитой. Уулын орой, ар шилээр 2080 га талбай бүхий хусан ойтой, 450 шахам төрлийн ургамалтай. Халиун буга, гөрөөс, зэрлэг гахай болон төрөл бүрийн мэрэгч амьтан элбэг байдаг. 126 зүйл шувуутай.