Мөрдөх аюулгүйн санамж
Мөрдөх аюулгүйн санамж

Явган алхах нь олон талын ашиг тустай боловч аюулгүй байдлаа хангах нь хамгийн чухал юм. Алхагч өөрийнхөө аюулгүй байдалд хамгийн их анхаарч, санаа тавих нь нэн тэргүүний асуудал гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Алхагчид доорх ерөнхий аюулгүйн санамжийг дагаж мөрдөн алхалтын хөтөлбөрт хамрагдах шаардлагатай.

  • Удирдагчийн зааварчилгааг дага!: Ямар ч үед алхалтын удирдагчийн зааварчилгааг дагах шаардлагатай бөгөөд удирдагч нь алхалтын чиглэл, хугацаа, цаг агаар, алхалтын замын нөхцөл байдлыг хамгийн сайн мэддэг, үүссэн нөхцөл байдалд тохируулан шийдвэр гаргах туршлагатай алхагч юм.
  • Хог бүү хая!: Алхагчид явж буй газраа хог хаях, орчныг бохирдуулахыг хориглоно. Энэ бол бидний ёс зүй бөгөөд авч явсан зүйлсээ буцааж авч ирэх авчрах үүрэгтэй.
  • Байгалиа хайрла!: Ан амьтныг цочоох, үргээх, мод бут хугалах, өвс ургамлыг тасчих, ус бохирдуулах, гал түймрийн эрсдэл үүсгэх зэргээр зэрэг аливаа нэгэн байдлаар байгаль дэлхийгээ бохирдуулах, гэмтээх, хор хохирол учруулж болохгүй.
  • Ганцаар бүү яв!: Алхагчдад тохиолдож болзошгүй эрсдэл бол ганцаар салж явах, отгоос холдох үед төөрөх, зэрлэг амьтанд дайруулах, гэмтэж бэртэх зэрэг эрсдэлүүд үүсч болзошгүй юм.
  • Эерэг харилцааг эрхэмлэ!: Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн зарчмыг барьж, бусдад найрсаг, эерэг, халуун дулаан хандаж, тусалж, дэмжиж, туршлагаа хуваалцаж, урам зориг өгч, мэндчилж, амжилт хүсч, урамшуулж байх нь чухал.
  • Алхалтын хантааз өмс!: Алхалтын үед хэзээ ч ой тайга, тал хээрийн өнгөтэй ижил, өөрөөр хэлбэл өнгөлөн далдлах зорилготой хувцас өмсөхийг хориглодог. Хурц тод өнгөтэй, цацруулагчтай материал бүхий хувцас өмссөнөөр орчны сааднаас ялгарч, эрсдэлийг бууруулна. Монголын явган алхалтын холбооны гишүүдийн хантааз нь олон улсын стандартад нийцсэн өнгө, материалын шаардлагыг хангасан байдаг.
  • Аль болох зам, жим дага!: Ялангуяа шинэ алхагчид зориулалтын зам, маршрут, жимийг дагаж алхах нь чухал байдаг. Стандартын дагуу тохижуулсан, тэмдэг, тэмдэглэгээг байршуулж хаягжуулсан зам нь эрсдэлийг бууруулдаг. Хаягжуулсан зам нь тухайн зам, маршрутын талаарх тодорхой мэдээллийг өгөх бөгөөд алхагчдыг илүү тухтай, тайван аялахад нэмэртэй юм.
  • Дохио ашиглаж сур!: Алхагчид нь гэрэл, дуу чимээг ашиглан дохио өгөх чадварыг эзэмшсэнээр тохиолдсон аюул, эрсдэлийн үед тусламж авах боломжтой болдог. Дохиог хэрхэн ашиглах тухай мэдлэгийг энэхүү номоос авна уу.
  • Гар утасны цэнэгээ гамна!: Алхалтын хөтөлбөрийн үеэр төөрөх, аливаа нэгэн тусламж дуудах хэрэгцээ гарч болзошгүй тул гар утасны цэнэгээ гамнаж ашиглах нь зүйтэй.
  • Хөл доорхоо байнга хянаж шалга: Явган аялал нь бидний мэдэхгүй, өмнө нь явж байгаагүй газар, орноор явдаг тул хөл доорх газраа сайтар харж явах хэрэгтэй. Хөл доорх газраа сайн хараагүйгээс болоод шагайгаа гэмтээх тохиолдол их гардаг. Хөл доорх газраа харж явснаар янз бүрийн амьтанд хазуулахгүй, нимгэн мөс, бөөрөнхий чулуу, нуранги гэх мэтээс гэмтэхээс сэргийлж чадна. Газрын хөрснөөс цухуйсан болон ил гарсан модны үндэс, холтос нь унаж нүцгэрсэн дархи модонд дээр гишгэх нь жилийн бүх улиралд хальтирах аюултай байдгийг цаг ямагт санаж яв.
  • Аюулгүй байдлыг хангах хэрэгслүүдийг ашиглаж сур!: Олс, бэхэлгээ, алх, сүх зэрэг явган алхалтын хэрэгслүүдийг ашиглаж сурснаар болзошгүй эрсдэлийг бууруулах боломжтой. Мөн төөрөх үед зүг чигээ хэрхэн олох, шаардлагатай багаж, хэрэгслүүдийг яаж ашиглах талаар мэдлэгтэй болох хэрэгтэй байдаг.
  • Цаг агаарын мэдээ сонс! Алхагчид цаг агаарын байдлыг мэдэх, уул нурууд, тал хээр, говь цөлийн цаг уур, орчны нөхцөл зэргийг урьдчилан мэдэж байх хэрэгтэй.
  • Зайлшгүй шаардлага гарвал тусламж дууд!: Эмнэлэг, цагдаа, онцгой байдлын газарт хандаж тусламж дуудах бол 102, 103, 105 утсанд хандана.