Дэлхийн алхалтын өдөрт зориулсан аяныг зарлалаа
Дэлхийн алхалтын өдөрт зориулсан аяныг зарлалаа

Дэлхий нийтээр тархаж буй “КОВИД-19” цар тахал бидний амьдарлын хэв маягийг өөрчилж, хөдөлгөөний хомсдлыг бий болгож тэр дундаа 18-24 насны оюутан залуучууд суугаа, идэвхгүй байдалд өдөрт 2.5 цагийг өнгөрөөдөг судалгааны тоо баримт байдаг. 
НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар “ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусаар нас баралтыг 2025 он гэхэд 25%, хөдөлгөөний хомсдолыг 10%-иар бууруулах”-аар зорилт дэвшүүлсэн. 


Дэлхийд хүн амын нас баралтын 6% нь хөдөлгөөний хомсдлоос хамааралтай ба хөдөлгөөний идэвхгүй байдал нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, таргалалт зэрэг ХБӨ-ийг нэмэгдүүлж жилд дунджаар 3.2 сая хүн нас бардаг.  
Монгол улсын 15-69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомсдолтой, 52.4% нь ажлын байрандаа, 48.2% нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, хөдөлгөөний идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 49.4% нь илүүдэл жин ба таргалалттай байна (ХБӨ, осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоох үндэсний 4-р судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ, 2019 он). 


Монголчууд өдөрт дунджаар 2737 алхам алхдаг ба 18-69 насны нийт хүн амын дөнгөж 4.9% нь ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлж өдөрт 10000-аас дээш алхам алхдаг. Aлхалтын тоо хэмжигч (педометр, ухаалаг утас, бугуйн цаг, аппликейшн зэрэг) багаж хэрэгслийг хүн амын 76% нь ашигладаггүй байна (Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх талаар хүн амын мэдлэг, хандлага, дадлыг тогтоох үндэсний судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ШУТС, 2019 он). 
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1, 2.1.1.1, 2.2.1 дугаар заалт, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор үндэсний хэмжээнд “Эрүүл амьдралын хэв маягт алхам алхмаар” уриан дор “Дэлхийн алхалтын өдөр”-ийг 5 дах жилдээ Монгол залуучуудын бүтээсэн "Alhay" гар утасны аппликейшнийг ашиглан 2021 оны 10 дугаар сарын 01-31-ний өдрүүдэд ЭМЯ, НЭМҮТ, ЗГТА-БТСУХ, ДЭМБ, Орбис ОУБ, МНЭНН, ЧШТҮТ, ЭХХЧТ, Монголын явган алхалтын холбоо хамтран зохион байгуулж байна.