Явган алхагчийн үүрэг хариуцлага
Явган алхагчийн үүрэг хариуцлага

Явган алхалтын хөтөлбөрийн төрөл, нөхцөл байдлаас хамаарч доорх үүрэг хариуцлагыг хэрэгжүүлнэ.

  • Удирдагч: Явган алхалтын хөтөлбөрийг ерөнхийд нь удирдан зохион байгуулах бөгөөд нөхцөл байдалтай уялдуулан шаардлагатай шийдвэрүүдийг гаргах, аяллын зам маршрутыг төлөвлөх, багийн гишүүдэд чиг үүрэг хуваарилах, дэг журам тогтоох, аливаа зөвлөгөөнийг удирдана. Хөтөлбөрийн туршид удирдлагын №1 хүн байна.
  • Чиглүүлэгч: Удирдагчийн томилсон хүн байх бөгөөд алхалтын цувааны тэргүүнд явж маршрутын дагуу алхалтыг зохион байгуулж, алхагчдын бие бялдар, сэтгэл зүйн байдал, цаг агаар, орчны нөхцөл байдлыг ажиглаж амрах, отоглох, цайлах зэрэг шийдвэрүүдийг гаргана. Удирдагчийн эзгүйд түүнийг орлох чиг үүрэг бүхий хүн байна.
  • Зааварлагч: Алхалтын цувааны эмх цэгц, бүрэн бүтэн байдал, дэг журмыг сахиулах бөгөөд удирдагч, чиглүүлэгч, цоожлогч болон бусад зохион байгуулагч нартай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, алхагч нарт шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгөх, газар орныг танилцуулах, тусламж үзүүлэх, хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгаа эсэхийг хянах чиг үүрэг бүхий хүн юм.
  • Цоожлогч: Алхалтын цувааны төгсгөлд явах бөгөөд цуваанаас алхагч сугарах, хоцрох зэрэг эрсдэлийг арилгаж, цувааны зохион байгуулалтыг хангаж, хөтөлбөрийн удирдагч, чиглүүлэгч, зааварлагч болон бусад холбогдох чиг үүрэг бүхий хүмүүстэй хамтран ажиллана. Шаардлагатай бол ялангуяа урт цуваанд баг бүрд цоожлогчийг томилж болно.
  • Тугчин: Хөтөлбөрийн удирдагч эсвэл чиглүүлэгч шаардлагатай гэж үзвэл цуваанд туг мандуулж болох бөгөөд тухайн тугийг хариуцах хүнийг хэлнэ.
  • Багийн ахлагч: Олон алхагчтай цуваанд нийт алхагчдыг багуудад хувааж, баг бүрд ахлагчийг томилно. Ахлагч нь өөрийн хариуцсан багийг удирдан зохион байгуулах бөгөөд хөтөлбөрийн удирдагч эсвэл чиглүүлэгчийн удирдлагад ажиллана.
  • Эмч: Гэнэтийн нөхцөл байдалд алхагчдад эмнэлгийн тусламж үзүүлэх зорилготой мэргэжлийн эмч, эс бөгөөс эрүүл мэндийн мэдлэгтэй хүнийг хэлнэ. Эмийн сан, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх хэрэгслийг хариуцна.
  • Алхагч: Хөтөлбөрт хамрагдаж байгаа бүх хүмүүсийг хэлэх бөгөөд алхалтын зохион байгуулагчид, удирдагчдын зааварчилгаа, удирдлагад алхах бөгөөд аюулгүйн санамж, зөвлөгөөг дагаж мөрдөнө. Мөн хөтөлбөрийн удирдагч, багийн ахлагчийн өгсөн чиг үүргийг нэмэлтээр гүйцэтгэж болох бөгөөд тухайн чиг үүргийг хариуцах чадамжтай эсэхээ  зөвлөлдөж, нээлттэй байдлаар хамтран ажиллана.
  • Бусад (Туслагч, Сайн дурын ажилтан, зурагчин, тогооч г.мгэх мэт): Алхалтын хөтөлбөрийн зохион байгуулалтаас хамаарч хөтөлбөрт оролцох бусад хүмүүсийг хамруулан ойлгоно.